Хамгийн
түрүүнд мэд

Bloombergtv.mn Хамтран ажиллах

Редакцын бодлого, чиглэл

Bloomberg L.P.-ийн брэнд, контентын лицензийг эзэмшигч, Медиа түншийн хувьд Блумберг ТВ Монголиа телевиз нь Bloomberg брэндийн нэр хүнд, шаардлагад нийцсэн эдийн засаг, бизнес, санхүүгийн мэдээллийн төрөлжсөн хөтөлбөр, контентуудыг Монголын үзэгч, олон нийтэд хүргэнэ.

Олон улсын болон дотоодын эдийн засаг, зах зээлийг хөдөлгөж буй гол үйл явдал, нөлөө бүхий байр суурь, шийдвэр, төлөв таамгуудыг эх сурвалж, баримт, дүн шинжилгээтэйгээр шууд, шуурхай мэдээлнэ. Мэдээлэл олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, үнэн бодитой, тэнцвэртэй байх зарчмыг хангаж ажиллана.

Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал, технологийн дэвшил, дижитал шилжилт, ногоон эдийн засагт хөтлөх бүтээн байгуулалт, төсөл-хөтөлбөр болон баялаг бүтээгчид, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, шинийг санаачлагчдын талаар зорилтот хөтөлбөр, контент бүтээж үндэсний хөгжилд хувь нэмэр оруулна.

Монгол улсын холбогдох хууль, тогтоомж болон салбарын стандарт, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, аливаа улс төрийн хүчин, төр, шашны болон бизнесийн байгууллагаас хараат бус бие даан ажиллана.

Bloomberg L.P.-ийн үндсэн зарчмын дагуу бизнес, санхүүгийн сэтгүүл зүйн олон улсын жишгийг дотоодын хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр

Bloomberg L.P.-ийн брэнд хөтөлбөрүүдийн адил хөрөнгийн зах зээлийн өдөр тутмын арилжааны цагтай зохицсон бизнес, санхүүгийн мэдээ, мэдээллийн шууд хөтөлбөрүүдтэй байна.

“Bloomberg” олон улсын сувагтай хамтын ажиллагааны хүрээнд АНУ, Европ, Азийн хөрөнгийн зах зээлийн мэдээ, сурвалжлагыг газар дээрээс нь мэдээллийн хөтөлбөрт шууд орчуулж нийлүүлнэ.

Хонгконг, Лондон дахь төвүүдээс олон улсад цацдаг Asia Daybreak, Bloomberg Surveillance мэдээллийн шууд хөтөлбөрүүдээс хуваарийн дагуу өдөр тутам шууд орчуулан үзэгчдэд хүргэнэ.

Дотоодын үйлдвэрлэгчид, технологи хөгжүүлэгчид, шинээр сэтгэгчид, зах зээлийн гол тоглогчдын амжилт, туршлагыг олон нийтийн хүртээл болгох брэнд контент бүтээнэ.

Мэдээ сурвалжилга, төсөл хөтөлбөр, мэдээний хуваарилалт/байршил, зочны асуудлыг зөвхөн редакцын шалгуур дээр үндэслэн Редакцын баг шийдвэрлэнэ.

Мэдээ мэдээллийн хөтөлбөр, бүтээлч контентууд нь аливаа зар сурталчилгааны агуулга, хэлбэрээс ангид байна.

Редакцын болон Bloomberg брэндийн нэр хүндэд харш аливаа хөтөлбөр, байр суурь, зар сурталчилгаа захиалагч болон контентоос татгалзана.

Хэл, орчуулга, арилжааны тикер

Телевизийн бүхий л хөтөлбөр, нэвтрүүлэг болон дижитал хэлбэрээр түгээж буй агуулгууд зөвхөн монгол хэл дээр байх бөгөөд гадаад контент, гадаад эх сурвалж, ярилцлагын гадаад зочны байр суурийг монгол хэл рүү хөрвүүлж, дуу оруулна.

Мэдээ, мэдээллийг бичвэр байдлаар дэлгэц дээр харуулахдаа монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу бичиж, кирилл үсгээр сийрүүлнэ.

Мэргэжлийн нэршил, үг хэллэгийг гадаад хэлнээс хөрвүүлэхдээ зах зээл, банк санхүү, бизнесийн нэр томъёоны лавлах болон монгол хэлний зөв бичих дүрмийн толь бичгийг ашиглахын хамт шинэ үг хэллэг, нэр томъёог монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан товъёог хөтөлнө.

Үнэт цаас, хувьцаа, түүхий эд, валютын зах зээлийн тухайн цагийн бодит хөдөлгөөнийг харуулдаг үнэ ханшийн урсдаг тикер мэдээллүүдийг олон улсад бүртгэлтэй нэр томъёо, нэршлээр нь тухайн гэрээт эх үүсвэрээс түгээж буй хувилбараар шууд үзүүлнэ. Үүнд Монголын Хөрөнгийн Биржийн Топ-20 ангиллын компаниудын болон Монголд үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны хаалтын ханш, гол түүхий эдүүд болон валютын бодит үнэ ханш багтана.

Ёс зүй

  • Ашиг сонирхлын аливаа зөрчлөөс зайлсхийнэ.
  • Мэдээлэл цуглуулах, олж авах, эх сурвалжтай харилцахдаа хууран мэхлэхгүй, хууль бус арга хэрэглэхгүй. Хуулийг ямагт дээдэлж, зөв шударга бөгөөд нээлттэй ажиллана.
  • Мэдээлэл олж авсаныхаа төлөө эх сурвалжид төлбөр төлөхгүй, төлбөртэй мэдээ, сурвалжилга бэлтгэхгүй.
  • Хууль зөрчихгүй, өөрсдийн үйл ажиллагааны төлөө бусдаас хууль зөрчсөн үйлдэл хийхийг шаардахгүй.
  • Өөрийн санхүүгийн ашиг сонирхолтой шууд болон шууд бусаар холбогдох компани, салбар, үйл явдлыг сурвалжлахгүй.
  • Улс төрийн кампанит ажилд оролцохгүй, өөрөө нэр дэвшиж өрсөлдөхгүй.
  • Ямагт үнэн зөв, няхуур байж, баримтаа баталгаажуулах бүхий л арга хэмжээг авч, хариуцлагаа бүрэн хүлээж ажиллана. Алдаа гаргавал шуурхай, ил тод, бүрэн хүлээн зөвшөөрч, редакцын хэмжээнд мөрдөж буй зааврын дагуу шуурхай залруулна.
  • Мэдээ, сурвалжилгадаа нэг талыг баримтлахгүй, дүгнэлт болоод хувийн үзэл бодлоо тусгахгүй.
  • Үзэл бодлоо илэрхийлэхийн тулд олон нийтийн хэлэлцүүлэг, нийгмийн сүлжээг ашиглахгүй.
  • Мэдээллийг нийтлэх хугацаанд тавьсан эх сурвалжийн эмбарго буюу хоригийг хүндэтгэж үзнэ.
  • Бусдын оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж, мэдээллийн үндсэн эх сурвалжийг ямагт дурдана.

“Bloomberg” олон улсын телевизийн сэтгүүлчийн ёс зүйн дүрэм, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллана. (Энэхүү зарчимтай ЭНД дарж танилцах боломжтой)